ОХУ-ЫН НОВОСИБИРСК ХОТНОО ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ, УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛЫН ӨДӨР, БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ

“Мишээл”-ийнхэн ОХУ-ын зах зээлд үйлдвэрлэгчдээ нэвтрүүллээ

       “Мишээл Экспо” ХХК-с үндэсний үйлдвэрлэгчид, бизнесмэнүүдийнхээ зах зээлийг тэлэх, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монголын өдрүүд үзэсгэлэн”-г ОХУ-ын Новосибирск, Улаан-Үүд зэрэг хотуудад зохион байгуулсан нь бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн юм. Үүний зэрэгцээ Монголын уламжлалт соёл, ёс заншлыг сурталчилсан “Талын Монгол аялгуу” урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монголд үйлдвэрлэсэн гар урлал, арьс шир, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь олны таашаалд нийцсэн үйл ажиллагаа болсон юм.Мөнхүү ажлын хүрээнд “Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөрөнгө Оруулалтын Чуулга Уулзалт”-ыг зохион байгуулсан нь Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсон бөгөөд ах дүүгийн харилцаатай олон жил найрамдаж ирсний хувьд “Орос, Монгол хоёр орны найрамдалт харилцааны түүхэн замнал, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ үеэр дэлгэсэн нь эх орноо олон улсад сурталчилах, мөнхийн хөршийн найрсаг харилцааг ахисан шатанд гаргахад ч хувь нэмрээ орууллаа.Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн аж ахуйн нэгжүүдийн дунд бус хоёр орны харилцаанд эерэг нөлөөлөл үзүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх тал дээр ахиц гарсан хэмээн мэргэжлийнхэн дүгнэсэн билээ. Мөнхий хөршид ийнхүү арга хэмжээ зохиогдох үеэр хоёр хотын хооронд ах дүүгийн  найрсаг харилцаа тогтоох албан ёсны баримт бичигт үзэглэсэн билээ. Гадаад харилцааны хувьд томоохон гүүр болж чадсан “Мишээл Экспо” ХХК  ОХУ-ны Новосибирск, Красноярск, Иркутск, Чита,Улаан-Үүд  хотуудтай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд 2016 онд “Монголын Өдрүүд 2016” цогц арга хэмжээгээ Новосибирск, Санкт-Петербург, Иркутск хотуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.